ЕХ А.Лукашенког хар жагсаалтад оруулаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-08 12:33:25

ЛОНДОН. /Reuters/. Европын Холбоо Беларусийн асуудлаар гаргасан хар жагсаалтдаа тус улсын Дотоод хэргийн сайд тэргүүтэй 31 хүнийг оруулсан. Жагсаалтын эхний хувилбарт Ерөнхийлөгч Александр Лукашенког оруулаагүй байна.


“Эхний удаад бид 14 хүний нэрсийн жагсаалтыг гаргасан хэдий ч зарим улс орон энэ тоог хангалтгүй гэж үзсэн учир нэмж 17 хүнийг жагсаалтад оруулсан. Жагсаалтад багтах хамгийн өндөр албан тушаалтан нь Беларусийн Дотоод хэргийн сайд байх болно” хэмээн дипломат эх сурвалжууд мэдээлсэн байна. Хуурамч сонгууль явуулж, эсэргүүцлийг дарсан хэмээн Беларусийн удирдлагыг буруутгаж байгаа учир ЕХ тэдний эсрэг хориг арга хэмжээ авахаар зэхэж байгаа юм. Жагсаалтыг 9 дүгээр сарын дундуур батлах бөгөөд эцсийн байдлаар гаргасан жагсаалтад хүн нэмж, хасагдаж магадгүй байгааг “Reuters агентлаг цохон тэмдэглэжээ.


ЕХ Беларусийн эсрэг хамгийн анх 2004 онд хязгаарлалтын арга хэмжээ авч байжээ. 1999-2000 онуудад сөрөг хүчний хоёр төлөөлөгч алга болсонтой холбогдуулан тус арга хэмжээг авч байсан аж. Хориг арга хэмжээ 2008 онд түр үйлчлэхээ больсон хэдий ч ерөнхийлөгчийн сонгууль явуулах стандарт, хүний эрх зөрчигдсөний улмаас хожим нь буюу 2011 онд хориг арга хэмжээний жагсаалтыг өргөтгөсөн байна. Беларусийн хар жагсаалтад багтсан хүний тоо 130-д хүрч байсан бөгөөд жагсаалтанд А.Лукашенко 2011 оноос 2016 оны хугацаанд багтаж байжээ. 

Холбоотой мэдээ