УБТЗ-ын гол замын шинэчлэлийн ажил амжилттай үргэлжилж байна

Монголын мэдээ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-31 10:47:48
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын эхний 50 км замыг барьж дуусгаад байгаа УБТЗ-ын Зам засварын машинт станцын хамт олон одоо өөрийн гол замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна.


Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа тул УБТЗ өөрийн суурь бүтцийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлээд байгаа билээ.


Одоогоор Нартын хушуу-Авгын гол хооронд 38 км замыг төмөр бетон дэр, Р-65 маркийн зам төмрөөр сольж, даланг өргөтгөх, суваг шуудууг сэргээн засах ажлыг амжилттай гүйцэтгээд байгаа аж. Энэ жил Сумангийн зоо-Замын Үүд-2 чиглэлийн нийт 68 км замыг шинэчилснээр Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх УБТЗ-ын гол замын 70 гаруй хувь нь шинэчлэгдэнэ.  Ингэснээр галт тэрэгний хурд болон хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх юм.


УБТЗ-ын Зам засварын машинт станцын чадварлаг замчид өөрийн замын шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын дээд бүтцийг барих ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх юм байна.

Холбоотой мэдээ