Энэ хаврын анхны морин уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 16:56:32

Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт энэ хаврын анхны морин уралдаан өнгөрөгч амралтын өдрөөр боллоо. Аймгийн Морин спорт уяачдын холбооноос жил бүр нэрэмжит болон зохион байгуулдаг энэ уралдаанд их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага уралдав.

Харин аймгийн хойд бүсийн морин уралдааныг энэ сарын 29-нд Баяндун суманд “Яргайн хурд” нэртэйгээр зохион байгуулахаар болж, хязаалан, шүдлэн, дааганы уралдаан болох тухай урьдчилсан байдлаар сумдын Засаг дарга нарт мэдэгдээд байна.

Өмнө жилүүдэд 3 дугаар сард хаврын морин уралдаан эхэлдэг байсан бол хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Дорнод аймгийн Засаг даргын захирамж гарч, сумдын удирдлага энэ шийдвэрийг дэмжиж ажилласнаар тавдугаар сард зохион байгуулах болсон юм. Цаг хугацааны хувьд зөв зүйтэй шийдвэр болсон гэдгийг хүүхдийн байгууллагынхан болон эцэг эхчүүд талархалтай байсан. Энэ удаагийн уралдаанд хүүхэд эрсдэж гэмтсэнгүй, маш сайхан уралдаан боллоо гэж ард олон ам сайтай байна.

Тус аймгийн хэмжээнд 588 уралдаанч хүүхэд программд бүртгэлтэй байдаг гэнэ. 

Б.Туяа

 

Холбоотой мэдээ