Улсын баяр наадмаар цол, чимэг хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 9 даван түрүүлсэн Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, найм даван үзүүрлэсэн Монгол Улсын аварга Н.Батсуурь, тав давж начин цол хүртсэн Ц.Мөнхбаяр нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр Маршал Ю.Цэдэнбалын талбайд болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон УИХ-ын
гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан
Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат, Монгол Улсын Дархан
аварга Х.Баянмөнх, аварга О.Балжинням, С.Мөнхбат, улсын тод манлай засуул
Д.Цогзол, Үндэсний бөхийн ахлах тайлбарлагч Ц.Батнасан нар болон улс, аймгийн
цолтой бөхчүүд, тэдний гэр бүл, Увс нутгийн зон олон өргөнөөр хүрэлцэн ирж
оролцсон юм.
Энэ үеэр аймгийн “Ойрад” театрын хамт олон урлагийн богино хэмжээний тоглолт үзүүлснээс гадна хүрэлцэн ирсэн хүндэт зочид баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Улсын аварга цол болон чимэг хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ энэ орой 19 цагт болох үдшийн цэнгүүнээр үргэлжилнэ.