Орон нутагт зам тээврийн ослоор 12 хүн нас барлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-07 12:11:52

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албаны энэ сарын 3-7-нд зам тээврийн ослын шинжтэй 723 зөрчлийг шалгажээ.

Бүртгэсэн ослын улмаас 15 хүн гэмтсэний 5 нь хүүхэд байсан байна. Харин ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 12 хүний амь нас хохирсны 4 хүүхэд  байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

-Дундговь аймгийн  Адаацаг сум 4-р баг “Сэртэнгийн ар” гэх газар /сумын төвөөс баруун урагш 80 км/-т шороон замд энэ сарын 03-ны 18.20 цагийн орчим “T.Corolla Spacio маркийн автомашины жолооч жалга мөргөсний улмаас жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирсон.

-Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3-р баг “Ходоод” гэх газар /сумын төвөөс 65 км/ шороон замд энэ сарын 04-ний 22.00 цагийн орчимд “Зил-131” маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 1,7 настай Б-ын амь нас хохирсон байна.

-Төв аймаг Батсүмбэр сумын 2-р баг “2-р Ферм”  гэх газар  /Сумын төвөөс хойшоо 5 км/-т шороон замд энэ сарын 05-ны 09.00 цагийн орчим “Mitsubishi Fugo маркийн автомашины жолооч хөдөлгөөн эхлэх үедээ явган зорчигч 2 настай Н-ыг мөргөж амь насыг хохироосон байна.

-Архангай аймаг Өлзийт сумын Башир багт “Жаргалант” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 5 км/ шороон замд энэ сарын 06-ны 07.30 цагийн орчим “Даюун” маркийн мотоцикл онхолдож, жолооч 35 настай Ж нас барсан.

-Булган аймаг Баян-Агт сум 3-р баг “Модон даваа” гэх газар /Сумын төвөөс баруун хойшоо 60 км/-т шороон замд энэ сарын 06-ны 16.30 цагийн орчим “Toyota Hilux” маркийн автомашин онхолдож, жолооч 63 настай, Г нас барсан.

-Баян-Өлгий аймаг Ногоон нуур сум 9-р баг Цагаан нуур тосгон “Угтах хаалга” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 3км/-т асфальтан замд энэ сарын 06-ны  19.00-н цагийн орчимд “Т.Самry” маркийн автомашин онхолдож  жолооч, зорчигч нарын 6-н хүний амь нас хохирсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 265 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авчээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч нарыг замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамааралтай заалт, шаардлагыг сахин биелүүлж, явган зорчигч нь явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч хэвших, жолооч явган хүний гарцан дээр зам тавьж өгсөн тохиолдолд зорчих хэсэг дээр алгуурлалгүй, түргэн шуурхай зам хөндлөн гарах, мөн чихэвч зүүсэн үедээ зам хөндлөн гарахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ