"Боко харам"-тай тэмцэхэд 45 сая доллар гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-25 14:01:38

ВАШИНГТОН. /TASS/. Бенин, Камерун, Чад, Нигер болон Нигери улсын эрх баригчдын хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлтэй тэмцэхэд гаргаж буй хүчин чармайлтыг дэмжихэд 45 сая доллар гаргах эрхийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улсынхаа Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид өгчээ. Энэ тухай Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Нед Прайс мэдээлсэн байна.

Түүний хэлснээр дээрх мөнгийг хамгаалалтын зорилгод тухайлбал, “цэргийн сургалт, бэлтгэлд” зарцуулах ажээ. Энэ нь хэт давруу үзэлтнүүдийн халдлага үйлдэж буй хил орчмын бүс нутгуудад дээрх орнуудын цэргүүдийг татахад нисэх онгоцоор хангах зөвшөөрөл өгөх боломжийг Төрийн департаментын тэргүүнд олгоно гэж Прайс хэлсэн байна. Тэрбээр мөн бүс нутаг дахь түншүүдтэйгээ АНУ мэдээлэл солилцсон хэвээр байна гэдгийг хэлжээ.

Нигерийн зүүн хойд нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Боко Харам” бүлэглэлийн босогчид хөрш Нигер, Камерун болон Чад улсын нутаг дэвсгэрт халдлага үйлдэж байгаа юм. Энэ оны гуравдугаар сард тус бүлэглэл террорист “Лалын улс” бүлэглэлд үнэнч тангараг өргөсөн билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд