"Салхин хүлэг" морины хөшөөг Баруун-Урт сумын төвд босгоно

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-07-09 16:05:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас Сүхбаатар аймгийг “Монгол адууны өв соёлын төв” болгон зарласантай холбоотойгоор аймаг орон нутгийн өнгө төрх, онцлогийг илэрхийлсэн баримлын уралдааныг зарласан. Нэг сарын хугацаанд үргэлжилсэн уралдааны тэргүүн байрт уран барималч Д.Анхбаярын “Салхин хүлэг” нэртэй бүтээл шалгарчээ. Улмаар энэхүү баримлыг Баруун-Урт сумын төвд хүрэл цутгамлаар босгохоор болсон байна.

Уран барималч Д.Анхбаяр "Салхин хүлэг" бүтээлээ Монголын урчуудын эвлэлийн тэргүүн Ж.Цолмонхүүтэй хамтран хийжээ. Уг бүтээл нь тал нутгийн онцлогийг илэрхийлсэн бөгөөд талаас мандаж буй наран дээр морио байрлуулсан байна. Баримлын доод хэсэгт нар байх бол дунд хэсэгт талын хөх чоно, үүлсийг дүрсэлжээ. Харин нарны дээд хэсэгт давхиж буй морийг, хүчит шонхор шувуу, Сүхбаатар аймгийн бахархалт хун шувуудын хамтаар дүрсэлсэн байна.

Уралдаанд нийт 14 бүтээл ирсэн бөгөөд зохион байгуулагчдын зүгээс уламжлалт хэв загвар бус урлагийн бүтээл гэдэг талаас нь үзэж, шалгаруулалтаа хийсэн гэдгийг тодотгож байлаа.

 

Холбоотой мэдээ