Дархан-Уулаас эхэлсэн аян Дорнодод үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 12:27:20

“Хавдрын эсрэг үндэсний аян-2016” өнгөрөгч 4 дүгээр сарын 25-наас Дархан-Уул аймгаас эхэлж, энэ өдрүүдэд Дорнод аймагт үргэлжилж байна.

Хавдар судлалын үндэсний төвийн 11 эмч мэргэжилтэн Дорнод аймагт 4 хоног ажиллах юм. Тэд өрх болон мэргэжлийн эмчийн хяналтанд байдаг хүмүүсээс гадна үзлэгт яаралтай орох иргэдийг хамруулах зорилгоор аяныг эхлүүллээ.

Зургаа дахь жилдээ хэрэгжиж буй “Хавдрын эсрэг аян”-ыг Хаан банк ивээн тэтгэж өнгөрөгч хугацаанд 720 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлжээ.

Дээрх аян эхэлснээр 90 мянга гаруй иргэнийг хавдрын цогц үйлчилгээнд хамруулж, 400 гаруй яаралтай мэс заслыг орон нутагт хийсэн тоо баримт байна. Дорнод аймгийн тухайд хөхний хавдар хавдрын өвчлөлийн дийлэнхийг эзэлж байгаа тухай БОЭТ-ийн Хавдрын тасгийн эрхлэгч Г.Саранцэцэг ярьсан.

Энэ аяныг зохион байгуулснаар хавдрын хожуу илрүүлэлтийн хувийг бууруулах, эрсдэлт бүлгийн хүн амын дунд үзлэг оношлогоог эрчимжүүлэх, орон нутгийн мэргэжилтнүүдийг оношлогоо, эмчилгээний чиглэлээр дадлагажуулах, сум, өрхийн эмнэлгийн сайн дурын ажилтан бэлтгэх, хүнд өвчтөний гэрийн асаргаа сувиллын талаар сувилахуйн зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг хавдраас урьдчилан сэргийлэх цогц ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа Дорнод аймгийн Хаан банкны захирал Б.Түмэнзаяа аяны нээлтийн үеэр дуулгалаа.

“Хавдрын эсрэг аян”-д Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймаг хамрагдан 6 дахь жилдээ ажиллаж байна.

                                                                                                                                                    Б.Туяа

Холбоотой мэдээ