Цаг агаарт зориудаар нөлөөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-22 11:09:34

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн “Цэцэрлэг бороо-1” экспидец 6-р сарын 20-ны өдөр Булган сумын 2-р багийн нутаг Гурвын давааны ам, 20-ны орой Төвшрүүлэх сумын 3-р багийн нутаг Мэлзий уулнаас үүлэнд зориудаар нөлөөлжээ.

Үүний үр дүнд аймгийн нийт нутгаар 1.0-33.0 мм бороо, аадар бороо оржээ. Хамгийн их тунадас Хайрханд 33.0 мм, Эрдэнэмандалд 32.0 мм, Өндөр-Улаанд 25.0 мм орсон бол хамгийн бага тунадас Хангай суманд 1.0 мм, Цахирт 2.9 мм, Хотонтод 4.0 мм, Чулуут 5.0 мм тус тус орсон байна. Харин бусад нутгаар 9.0-24.0 мм тунадас оржээ.

Мөн энэ сарын 10-ны өдөр Ихтамир сумын Борт багийн Тэргэн гарам хэмээх газарт байрлаж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулжээ. Үр дүнд нь Эрдэнэбулган, Булган, Чулуут сумын нутаг дэвсгэрийн 100 хувьд, Батцэнгэл сумын 95 хувьд, Ихтамир сумын 60 хувьд тунадас оржээ. Өөрөөр хэлбэл, дээрх зургаан сумын 13416 км/кв талбайд 0.5 мм хур тунадас нэмэгдэн орж, 670800 метр/куб 13.4 сая төгрөгийн хурын усыг буулгасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 351 дүгээр тогтоолоор нэг шоо метр /м/куб/ усыг 20 төгрөгөөр үнэлдэг байна. 

Холбоотой мэдээ