Хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчныг бүрдүүлсэн жишиг спорт заал ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-06-19 15:09:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 840 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн спорт заалыг барьж дуусган нээлтээ хийлээ. .

Хэдийгээр хичээл сургууль амрах дөхсөн ч ирэх хичээлийн жилээс орчин үеийн, жишиг болсон бүтээн байгуулалтад хичээл, дугуйлан секцээ оруулна гэж тус сургуулийн захирал А.Нарантуяа нээлтийн үгэндээ онцолсон. Тус барилгын гүйцэтгэгчээр “Гантиг өргөө” ХХК  ажиллажээ. 
Спорт заал ашиглалтад орсноор биеийн тамирын хичээл, сургалтууд норм, стандартын дагуу орох ая тухтай орчин бүрдэж байгаа аж. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлыг дор бүр нь шийдвэрлэн, хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчныг хангасанд багш, сурагчид талархалтай хүлээн авч байлаа.

Энэ хичээлийн жилд Дархан-Уул аймагт төрийн болон хувийн хэвшлийн 27 ерөнхий боловсролын сургуульд 22000 гаруй хүүхэд суралцаж, 1100 гаруй багш ажиллаж байгаагаас Оюуны ирээдүй цогцолбор сургуульд 183 багш, 4534 хүүхэд суралцсан байна. Цаашид Дархан сумын 15 дугаар багт 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 4 дүгээр сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг шинээр барихаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ