Дархан-Уул аймаг саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хүлээж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-06-18 16:34:26

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо, Мэдээлэл технологийн баг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж болон сонгуулийн зохион байгуулалтад шаардлагатай бусад зүйлсийг Сонгуулийн Ерөнхий хорооноос хүлээн авчээ.

Дархан-Уул аймаг 73238 саналын хуудас, 69 санал тоолох төхөөрөмж хүлээн авсан байна. Мөн сонгуулийн санал авах өдөр сонгогчдыг КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай амны хаалт, нэг удаагийн бээлий, гар болон санал авах байрны ариутгалын бодис зэрэг зүйлсийг Улсын онцгой комиссоос хүлээлгэж өгсөн аж.

Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Таван богд менежмент” ХХК -дад хэвлэсэн байна. Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглаж, хэвлэх саналын хуудасны эхийг ажиглагчдаар хянуулан гарын үсэг зуруулж баталгаажуулжээ.


Холбоотой мэдээ