Хамгийн том алмааз эрдэнийн чулууг 70 сая доллараар худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-10 12:18:36

НЬЮ-ЙОРК. /VOA/. 100 гаруй жилийн өмнө олдсон гэх хамгийн том алмааз эрдэнийн чулууг Нью-Йорк хотноо олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Теннисний бөмбөгний хэмжээтэй, 3 тэрбум жилийн настай энэ үнэт чулууг Африкаас олжээ. Алмааз эрдэнийн чулууг зургадугаар сарын сүүлчээр Лондон хотод дуудлага худалдаанд оруулах гэж байгаа бөгөөд дор хаяж 70 сая доллараас эхлэн дуудах бололтой.

“Энэ бол үнэхээр анхаарал татахгүй байхын аргагүй сайхан чулуу юм” хэмээн Дуудлага худалдааны “Сотбис” /Sotheby's/ компанийн үнэт эдлэлийн газрын дарга Дэвид Бэннетт ярьжээ.

“Гайхалтай бөгөөд үнэхээрийн итгэмээргүй үйл явдал болж байна” хэмээн тэрбээр өнгөрсөн лхагва гарагт Нью-Йорк хот дахь “Сотбис” компанийн төв байранд уг алмаазыг үзүүлэх мөчид уулга алджээ.

1109 каратын жинтэй уг очир эрдэнийн чулууны хэмжээ 65-56-40 мм гэнэ.

Энэ чулуу том хэмжээтэй хэдий ч үүнээс ч том нь олдож байжээ. 1905 онд Өмнөд Африкийн уурхайгаас 3106 каратын “Куллинан” гэдэг нэртэй алмааз эрдэнийн чулууг олж байжээ. Уг олдворыг 9 хэсэг болгон хуваасан бөгөөд хамгийн том хэлтэрхийг нь Британийн хатан хааны титэмд шигтгэсэн байдаг.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ