Хүүхэд осол гэмтэлд өртөх тохиолдол 45 хувиар цөөрчээ

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2020-05-29 13:05:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэв.

Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт эргүүл гарч ажиллажээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор 2145 албан хаагч, 760 техник хэрэгсэлтэй гол дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгчээ. Голын уснаас нийт 85 иргэний амийг авран хамгаалсан байна. Энэ жил зургаадугаар сарын 10-наас НЦУГ, НОБГ, НГБХЗХГ хамтран Туул, Тэрэлжийн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг хийхээр төлөвлөжээ.


2017 онд хоёр мянга орчим хүүхэд гэмт хэрэг, ямар нэгэн ахуйн ослын улмаас болон бусад шалтгаанаар хохирсон гэсэн статистик мэдээлэл бий. 2018 онд 1126, 2019 онд 996 хүүхэд, 2020 он гараад 225 гэх мэтчилэнгээр сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөх нөхцөл байдал буурсан үзүүлэлт гарчээ.

Энэ нь нэг утгаараа эцэг, эхчүүдийн анхаарал болгоомж нэмэгдэж байгаатай холбоотой боловч хүүхэд аюулгүй нөхцөл байдалд байна уу гэдэгт хариулт өгөхөд хэцүү. Сүүлийн гурван сарын байдлаар  хүүхэд өртсөн осол гэмтэл 45 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монголчууд усны хор гараагүй байхад усанд орж болохгүй гэж ярьдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ сайн хэлж, захих шаардлагатай байна. Цаашлаад хуулиар үүрэг хүлээсэн Төрийн албан хаагчид хүүхэд аюулд өртөж болзошгүй газар орчинд хяналт шалгалт хийж, зөвлөмж сэрэмжлүүлгээ хүргэж байна” гэдгийг НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг хэллээ.

НГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав, "Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаа нэн чухал. Хүүхэд хамгааллын тухай хуулинд нийгмийн бүхий л орчинд хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хуульчлан заасан байдаг. Нийгмийн бүхий л орчин гэдэгт иргэд, эцэг, эх, олон нийт, аж ахуйн нэгж бүгд ордог. Хүүхэд хамгааллын хууль гэхээр зөвхөн хүүхдийн салбарын хууль гэж битгий хараасай. Энэ хуулинд эцэг, эхчүүд, олон нийт, аж ахуйн нэгжийг хүүхдийг яаж хамгаалах үүрэг чиглэл хариуцлагыг зааж өгсөн байдаг. Тиймээс хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил нь бүх нийтийн ажил юм” гэдгийг эцэг, эх, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжид онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ