Засгийн газартай холбоотой байгууллагад Хятад тоног төхөөрөмж нийлүүлэхийг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-27 15:40:07

ТОКИО. /Yomiuri/. Японы эрх баригчид Засгийн газартай холбоотой байгууллагуудад теле харилцаа холбоо, цахилгаан тоног төхөөрөмж нийлүүлэхэд тавих шаардлагыг чангатгахыг зорьж байна. Ийм бодлогыг барих нь Хятадын бүтээгдэхүүн тэр дундаа “Huawei, ZTE” компанийн бүтээгдэхүүнээс бүрэн татгалзахад хүргэх юм хэмээн “Yomiuri” сонин мэдээлсэн байна.


Шинээр тавьж буй шаардлагууд нь бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үнэ төдийгүй компьютер, холбооны тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд хамааралтай аж. Тухайлбал, хувийн мэдээллийг хулгайлах зорилгоор үйлдэгдэж буй кибер халдлагад тэсвэртэй байх ёстой аж. Энэхүү шинээр гаргаж буй дүрэм журам нь 6 дугаар сараас хэрэгжих юм.


Японы цөмийн зохицуулах комисс, тэтгэврийн сан зэрэг 200 орчим байгууллагад тавих шаардлагыг чангатгах бөгөөд эдгээр байгууллага тоног төхөөрөмж худалдан авахдаа Засгийн газрын дэргэдэх кибер аюулгүй байдлын төвийн ажилтнуудтай зөвлөлдөх шаардлагатай гэжээ.


Японы тэтгэврийн  санд томоохон кибер халдлага үйлдсэн хэрэг 2015 онд гарсан нь эрх баригчдын ийнхүү шаардлагаа чангатгах шалтгааны нэг болжээ. Энэ халдлагын улмаас 1.2 сая гаруй хүний мэдээллийг хулгайлсан байна.

 

 

Холбоотой мэдээ