Татвар төлөгчдийн өдрүүд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-09 00:20:03

Татвар төлөгчдийн өдрүүд эхэлж байнаатай холбогдуулж Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс хэвлэлийн хурал хийлээ. Энэ жил “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор болох уг өдрүүд 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна.

Эдгээр өдрүүдээр Татварын хууль сурталчлах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, шилдэг татвар төлөгчдөө сурталчлах, нэрэмжит тэмцээн зохион байгуулах зэргээр нийт татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдтэйгээ тэмдэглэж өнгөрүүлнэ гэж уг хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. Мөн өдрүүдээр татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээг өргөтгөх чиглэлээр ТЕГ-аас цахим хэлбэрээр явуулах “Санал асуулгын хуудас”-аар татвар төлөгчдөөс санал авч дүгнэх, татварын албаар үйлчлүүлж буй татвар төлөгчдийн дэвшүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, үйл ажиллагаагаа сурталчлах зэрэг ажлуудыг хийх юм байна. Тус аймгаас Татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр” шилдэг татвар төлөгчөөр “Газар буудай”, “Мөнхийн тун” ХХК-иуд шалгарчээ. “Хөх дэвтэр”-ээр шагнагдах нь тухайн байгууллагын бизнесийн нэр хүнд, тогтвортой байдал, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгааг батлаж буй нэр хүндийн илэрхийлэл гэж Татварын хэлтсийн Орлогын тасгийн дарга Д.Гантөмөр ярилаа. Шилдэг татвар төлөгчдөө алдаршуулах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, хууль сурталчлах зорилгоор “Мөнхийн тун” ХХК-тай хамтарч хүн амын төвлөрөл ихтэй “Дархан зах”-д бүтээгдэхүүн борлуулах, ebarimt олгох чиглэлээр хамтран ажиллах юм байна. Тус өдрүүдийг угтаж аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Татвар төлөгч танд баярлалаа” зохион бичлэгийн болон гар зургийн уралдааныг зарлажээ. Зохион бичлэгийн уралдаанд нийт 55 бүтээл, гар зургийн уралдаанд 48 бүтээл ирсэнээс аймгийн хэмжээнд гурван бүтээлийг шалгаруулж ҮТЕГ-т явуулсанд 24 дүгээр лицей сургуулийн 10а ангийн сурагч Ц.Дөлгөөнзулын зохион бичлэг түрүүлжээ. Ингэснээр улсын хэмжээнд Дархан-Уул аймгийн ЕБС-ийн сурагчдын бүтээл хоёр дахь удаагаа манлайлж байгаа аж. Уламжлалт энэхүү уралдаан нь ирээдүйн татвар төлөгчдийн татварын боловсролд оруулах бодит хувь нэмэр болж, татварын талаар ойлголтод зөв сэтгэлгээ суулгаж өгдөгөөрөө чухал ач холбогдолтой тухай Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх тасгийн дарга З.Тунгалаг-Тамир танилцууллаа.

Аймгийн Татварын хэлтэс нь Боловсрол соёлын газартай хамтарч ЕБС-ийн сурагчдад татварын сэдэвт сургалт зохион байгуулах бол уламжлал ёсоор их, дээд сургуулийн оюутнуудын дунд танин мэдэхүйн уралдаант “АХА тэмцээн”-ийг зохион байгуулж энэ сарын 11-нд аймгийн “Татвар төлөгчдийн зөвлөгөөн”-ийг хийхээр төлөвлөжээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ