“Зөв Монгол хүүхэд хөтөлбөр-Хүүхэд бүрийн хөгжилд” сэдэвт өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-05 01:04:39

Дархан сумын 15 дугаар сургуульд “Зөв Монгол хүүхэд хөтөлбөр-Хүүхэд бүрийн хөгжилд” сэдэвт өдөрлөг болж эцэг эхчүүдэд үйл ажиллагаагаа танилцуулав. Тус өдөрлөгт 1-12 дугаар ангийн эцэг эх асран хамгаалагч, багш, сурагчид нийт 500 гаруй хүн оролцлоо.

"Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийг "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл", "Авьяас", "Ном" зэрэг гурван дэд хөтөлбөрийн хүрээнд Засгийн Газрын тогтоолын дагуу 2013-2016 оны хичээлийн жилүүдэд хэрэгжүүлж байна.

Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвшиж гэр бүл, боловсрол нийгмийн орчныг бүрдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршдог. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд хөгжүүлэх чиглэлээр тус сургууль нь бага ангийн 9, дунд, ахлах ангийн 17 дугуйлан хичээллүүлж сурагчдын 45 орчим хувийг хамруулж чаджээ. Энэ хичээлийн жилд 15 дугаар сургууль нь 1819 сурагч, 84 багштайгаар мургалт явуулж байна. Жил бүр уламжлал болон явагддаг аймгийн олимпиадад 13 төрлөөр найман багш, 26 сурагч медальт байранд шалгарчээ.

Мөн төрийн ба төрийн бус байгууллагаас зохион явуулдаг олон уралдаан тэмцээнд тус сургуулийн сурагчид амжилттай оролцож байгаа тухай өдөрлөгийн үеэр эцэг эхчүүдэд танилцуулав. Тухайлбал: “Кенгуру” олон улсын математикийн олимпиадаас бага ангийн 56, дунд ангийн 10 сурагч мөнгө, хүрэл медаль хүртжээ. Сэтгэх чадварын их сорилгоос зургаан сурагч “Топ” үнэлгээ авсан, “Математикийн цаг” олимпиадад дөрвөн сурагч медальт байранд шалгарсан болон Монгол бичгийн “Тэргүүний уншигч” шалгаруулах аймгийн уралдаанд хоёр сурагч алт, мөнгөн медальт байрыг эзэлсэн зэргийг онцоллоо.

                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ