Техникийн шалгах нислэг амжилттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-13 13:41:11

Булган /МОНЦАМЭ/ Өнөөдөр Булган аймагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх техникийн нөхцөлийг судлах нислэг хийлээ. “Тэнгэрийн улаач” компани зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх талаар ЗТХЯ, Иргэний нисэхийн ерөнхий газарт санал хүсэлт гаргаж, техникийн боломжийг шалгах нислэг үйлдсэн байна.

-2000 оны эхэн хүртэл Улаанбаатар-Булган-Мөрөн гэсэн маршрутаар “АН-24” онгоцоор агаарын тээврээр үйлчилж байгаад зогссон. Харин тус аймагт “Жигүүр гранд” компанийн Хутаг-Өндөр сумын нутагт байдаг Баатарван сувиллын газрын орчимд онгоцны буудал нээсэн. Үүн дээрээ түшиглэн жижиг оврын онгоцоор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх санал тавьж байгаа. Өнөөдөр техникийн шалгах нислэг амжилттай боллоо. Төрийн байгууллагаас зөвшөөрөл олгож, зорчигчийн төлбөр, татаас олгох зэрэг асуудал шийдэгдсэн тохиолдолд агаарын тээврээр үйлчлэх боломж бүрдэнэ гэж Булган аймаг дахь нисэх буудлын дарга Б.Баасанбат ярилаа.

“Тэнгэрийн улаач” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг:

-Булган аймгийн онгоцны буудлын хувьд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх боломж бэлэн байна. Төрөөс нийслэлтэй ойр аймгуудад үйлчлэх нөхөн олговортой агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжийг дэмжвэл тус аймагт долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх зорилготой гэлээ.

Тус аймагт анх 1957 оны 07 дугаар сарын 07-ны өдөр агаарын тээврийн үйлчилгээг нээж, Улаанбаатар болон холын суманд онгоцоор зорчигч, шуудан тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлж байжээ. 

Холбоотой мэдээ