“Дархан нутаг” ТББ Нэгдсэн Эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-01 02:05:02

Улаанбурхан өвчнийг эмчлэхэд нэн шаардлагатай шинэ тоног төхөөрөмжүүдийг тус аймгийн “Дархан нутаг” ТББ-ын дэргэдэх “Хөгжлийн сан”-гаас Дархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлэгт хандивлав.

Тухайлбал нярай хүүхдийн судас тодруулагч, автомат тариур болон Нэгдсэн Эмнэлгийн Халдвартын тасагт иж бүрэн тоноглогдсон дөрвөн орыг хандивлажээ.

Цаг үеэ олсон энэхүү тусламжид эмнэлгийн эмч ажилчид талархсанаа илэрхийллээ. “Дархан нутаг” ТББ-ын дэргэдэх “Хөгжлийн сан”-ийн Тэргүүн П.Алимаа:-“Манай байгууллага нь цаашдаа хүүхдийн эрүүл мэнд, боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ нийгэмд чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.

Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчний тохиолдол дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 1848 дахь тохиолдол бүртгэгджээ. Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдвартын тасагт одоогийн байдлаар 23-н хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 90 гаруй хувь бага насны хүүхэд. Ялангуяа 0-9 сартай хүүхдүүдэд дархлаажуулалтын вакцин хийгээгүй байдаг тул Улаанбурханаар өвдсөн тохиолдолд маш хүнд тусдаг байна.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ