“Дарханы марафон”-ыг олон улсын тэмцээн болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ"Өөрийгөө ялах" марафон гүйлтийн тэмцээн Дархан-Уул аймагт тавдугаар сарын долоонд зохион байгуулахаар болжээ.
Уг тэмцээнийг Шри Чинмойн марафон багийнхан 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтарч анх удаа зохион байгуулах бол цаашид уг тэмцээнийг “Токиогийн марафон”, “Бостоны марафон” зэрэг алдартай тэмцээнүүдийн нэгэн адил “Дарханы марафон” нэртэй олон улсын чанартай тэмцээн болгохоор шийдвэрлэжээ. Энэ үеэр таван насны ангиллаар мэргэжлийн тамирчид оролцсон тэмцээн болох бөгөөд бүх нийтийн чийрэгжилт, эрүүл мэндийг дэмжих зорилгоор насны ангилал харгалзахгүй нийтийг хамруулсан сонирхогчдын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулж аймгийн Засаг дарга өөрөө оролцох юм байна.
Анх Дархан-Уул аймагт 1985 онд зохион байгуулагдсан “Энх тайваны төлөө” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнд одоогийн аймгийн Засаг дарга А.Энхболд түрүүлж диплом үнэ бүхий зүйлээр шагнуулж байжээ. Иймд аймгийн Засаг дарга өөрөө энэ удаагийн тэмцээнд өндөр ач холбогдол өгч төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг өргөнөөр оролцохыг уриаллаа.
Б.Норовсамбуу