Технологийн Их Сургууль хичээлийн шинэ байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймаг дахь Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн хичээлийн II байрны нээлт болов. Нээлтэд аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтсийн дарга Д.Баасанжав, ШУТИС-ийн реактор Б.Очирбат нар болон барилгын гүйцэтгэгч компаниудын төлөөлөл, эрдэмтэн багш нар, төгсөгчид, оюутнууд оролцлоо.
Аймгийн Засаг дарга А.Энхболд нээлтэд хэлэхдээ: -“Дархан-Уул аймаг дахь Технологийн Их сургуульд Монгол Улсын өнцөг булан бүрээс оюутан залуус ирж суралцдаг онцлогтой. Тус өргөөнөөс аймгийнхаа төдийгүй эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах олон зуун шилдэг менежер, технологич, эрдэмтэн судлаачид төрөн гарна гэдэгт итгэлтэй байдаг” гэв. Тэрбээр тус сургуулийг 1993 онд төгсөж байжээ. Дархан-Уул аймагт тус сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн босгон дээр ийнхүү сургалтын орчноо сайжруулж оюутан сурагчдын сурч хөгжих, судалгаа шинжилгээний ажил хийх таатай орчин бүрдүүлж чаджээ. Шинээр ашиглалтад орсон хичээлийн хоёрдугаар байр нь 1600 оюутны багтаамжтай таван давхар барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Жи Ди”, “Минж проперти” ХХК-иуд гүйцэтгэсэн. 52.5 м2 талбай бүхий 50 сургалтын танхим, туршилт судалгааны лаборатори, 105 м2 бүхий 150 оюутны багтаамжтай дөрвөн хурлын болон лекцийн танхимтай ажээ.
Гүйцэтгэгч компаниуд уг барилгын ажлыг өнгөрсөн оны тавдугаар сарын 29-нд эхлүүлж жил хүрэхгүй хугацаанд буюу 350 хоногт гүйцэтгэж ашиглалтад оруулсан нь энэ юм.
Б.Норовсамбуу