Онцгой байдалд ажиллаж буй албан хаагчдад талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-06 21:52:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Замын-Үүд боомтод ажиллахдаа "COVID-19" халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд үүргээ сайн гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад талархал илэрхийллээ. 

Тэрээр, хөрш оронд аюулт өвчин тархаж, улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалж, дор бүрийн ажил, үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж буй онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, цагдаа, зам, тээврийн салбарын нийт төрийн албан хаагч нарт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж байна гэлээ.

Эрсдэл өндөртэй, цөөн хүн амтай манай улсын хувьд сайтар зохион байгуулалттай ажиллах, ялангуяа хамгийн “халуун цэг”-т тооцогдож буй Замын-Үүд боомтод ажиллаж буй мэргэжлийн байгууллагынханд ажлаа цалгардуулалгүй, дор бүрнээ хичээн, онцгой анхааралтай ажиллаж, хяналтаа сулруулахгүй байхыг санууллаа.


Онц байдал тогтоосноос хойш БНХАУ-аас Замын-Үүдийн төмөр зам, авто замын боомтоор Монгол Улсын 2000 гаруй иргэнийг татан авч, тандалтын ажлыг зохион байгуулаад байна.



УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж, УБТЗ ХНН-ийн Зүүнбаян өртөө дэх үе угсрах баазын үйл ажиллагаа, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцаж, төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаны хүмүүст өгсөн юм. 

Мөн Замын-Үүд сум дахь зорчигч тээврийн авто буудлын барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзонд үүрэг болгов.

Холбоотой мэдээ