Хүний эрхийн Дээд комиссар Монгол Улсын хүчин чармайлтыг үнэлэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-02-28 13:45:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Женев хотноо болж буй Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Мишель Бачелет хүний эрхийг хангах талаар Монгол Улсын баримталж буй бодлогыг сайшааж буйгаа илэрхийлжээ.


Тэрбээр олон улсын хүний эрхийн төлөв байдлын талаар хэлсэн үгэндээ, “Монгол Улс Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай цогц хууль боловсруулах санаачилга гаргасан нь бусдад урам зориг өгсөн алхам. Энэ хуулийн төслийг ойрын хугацаанд парламентад өргөн барина гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын парламент өнгөрсөн сард Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах хуулийн нэмэлт өөрчлөлт баталсныг миний бие сайшаан тэмдэглэж байна” гэжээ.


Мөн чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Антонио Гутереш энэ онд тохиож буй НҮБ-ын 75 жилийн ойг тохиолдуулан дэлхий дахинд тулгамдаж байгаа олон талт асуудлыг шийдвэрлэх гогцоо асуудал нь хүний эрхийг дээдлэх, хэрэгжүүлэх явдал болохыг онцоллоо.

Холбоотой мэдээ