Түймрийн эрсдэл “нэн аюултай” түвшинд байгаа сумдыг нэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 18:03:12

Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан хаврын ой, хээрийн түймрийн эрсдлийн зэрэглэлээр энэ сарын 22-ны байдлаар Сүхбаатар, Орхон, Ерөө, Цагааннуур, Орхонтуул, Зүүнхараа, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Зэлтэр, Хушаат сумдууд түймрийн эрсдэл нэн их буюу “нэн аюултай” түвшинд байна хэмээн мэдээллээ.

Иймээс Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны захирагчийн албанд цахимаар энэхүү шуурхай мэдээллийг хүргүүлж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулаад байна.

Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох, Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100 метрээс доошгүй зайд 10 метрийн өргөнтэй шороон зурвас гаргах, Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, Насанд хүрээгүй хүүхдийг малаа хариулах үедээ хээр шүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг даалгажээ. Мөн ард иргэд бага насны хүүхдэд хуурайшилт ихтэй үед ил гал, шүдэнз, асаагуур зэргийг хэрэглэж болохгүй талаар заавар, зөвлөгөө өгөх, Иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх, Зарлан мэдээллийг шуурхай зохион байгуулах, Түймэр гарсан тохиодолд Онцгой байдлын газарт болон орон нутгийн Засаг захиргаанд мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хуулиар хүлээсэн үүргийн дагуу оролцохыг алхам тутамдаа хэрэгжүүлж бусдад анхааруулан зөвлөхийг үүрэг болгосон байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ