Монгол, ОХУ-ын парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-02-12 09:27:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа тус улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга И.М.С.Умахановтой энэ сарын 11-нд уулзав.


Уулзалтын үеэр Монгол, Оросын улс төр, тэр дундаа парламентын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн салбарын солилцооны өнөөгийн байдал, ирэх жилүүдэд зохион байгуулах ажлын талаар санал солилцов. Холбооны Зөвлөлийн орлогч дарга И.М.С.Умаханов Монгол Улс нь ОХУ-ын хувьд уламжлалт найрсаг харилцаатай чухал түнш гэдгийг онцлоод хоёр орны харилцаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, цаашид ч өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.


Элчин сайд Д.Даваа хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа албан ёсоор орсон тухайгаа хэлээд, "Хоёр орон харилцан биенээ дэмжиж ирсэн баялаг түүхтэй. Элчин сайдын хувиар хоёр орны харилцааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллана" гэв.

Холбоотой мэдээ