11/IX-ний халдлагатай холбоотой нууц баримтуудыг дэлгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-25 15:08:54

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргаа  2001 оны есдүгээр сарын 11-нд үйлдсэн халдлагыг мөрдөн шалгах тусгай комиссын тайлан дахь материалуудаас урьд өмнө нь нийтэлж байгаагүй хэсгийг энэ зунаас өмнө олон нийтэд дэлгэхээр төлөвлөжээ. Энэ тухай Сенатын гишүүн асан Боб Грэм телевизийн “NBC” компанид ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Тэрбээр тухайн үед Конгресст “Аль-Каида”-гийн Нью-Йорк болон Вашингтонд үйлдсэн халдлагыг мөрдөн шалгах ажлыг удирдаж байжээ.

“Дээрх асуудлаарх шийдвэрийг зургадугаар сар гэхэд гаргана гэж ерөнхийлөгчийн туслахууд хэлсэн. Энэ шийдвэр нь бүх америкчуудыг хүндэтгэсэн хэрэг болох бөгөөд материалуудыг нийтэлнэ гэдэгт найдаж байна” гэж тэрбээр онцлон хэлжээ.

Зарим мэдээллээр, тайлангийн нууцалсан хэсэг болох 28 хуудас бүхий материалыг нийтлэхийг АНУ-ын Конгрессын гишүүд дэмжиж байгаа аж. “Нууц материалуудыг дэлгэснээр одоо өрнөж буй маргаан дуусгавар болохгүй боловч баримт бичгийн агуулгын талаарх цуу яриаг няцаахад тус дөхөм болно” гэж Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Адам Шифф үзэж байна.

Есдүгээр сарын 11-ний халдлагын талаарх тайлангийн хаалттай хэсгийн чухам аль хуудаснаас эхлэн “нууц” гэсэн тэмдэглэгээг нь хасч болохыг Үндэсний тагнуулын газрын захирал Жеймс Клэппер судалж байгаа гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама телевизийн “CBS” компанид саяхан ярилцлага өгөхдөө нотолжээ. Гэхдээ тэрбээр эдгээр материалыг хэдийд олон нийтэд ил болгохыг дурдаагүй байна.

Уг материалуудыг нийтлэхтэй холбоотой асуудлаар Вашингтонд ширүүн маргаан дэгдэж, мөн АНУ-Саудын Аравийн харилцаанд хүндрэл үүсгэжээ. Телевизийн “FOX” сувгаар мэдээлснээр, баримт бичгүүдэд Саудын Аравийн эрх баригчид “Аль-Каида”-гийн террористуудтай холбоотой байсан байж болзошгүйг нотлох баримтууд байж магадгүй гэнэ. Үүний зэрэгцээгээр есдүгээр сарын 11-ний халдлагад холбоотой гэх үндэслэлээр Саудын Аравийн Засгийн газрыг Америкийн шүүхэд өгөхийг иргэдэд зөвшөөрсөн хуулийн төслийг Конгресс боловсруулжээ.

Уг хуулийн төсөл нь АНУ-ын өөрийнх нь ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй учир хориг тавина гэдгээ Обама “CBS” сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Саудын Аравийн эрх баригчид ч мөн улс орных нь хувьд аюултай хуулийн төслийг АНУ-ын Конгресс батлахгүй байх талаар арга хэмжээ авчээ. Олон тэрбумаар хэмжигдэх Америкийн активуудыг худалдана гэж Эр-Риядын эрх баригчид сүрдүүлсэн тухай телевизийн “CNN” суваг мэдээлсэн байна.  

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ