BREXIT - Европын Холбоо болон бусдад хэрхэн нөлөөлөх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2020-02-03 17:56:13

Улаанбаатар МОНЦАМЭ/. Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Жозеп Боррель болон “Брексит”-ийн асуудлаарх яриа хэлэлцээнд Европын Холбоог төлөөлөн оролцож байгаа Мишель Барнье нар 2020 оны 1 дүгээр сарын 31-нд Их Британи Европын Холбооноос гарсантай холбогдуулан хамтарсан мэдэгдэл гаргалаа. Үүнд:

"Их Британи Европын Холбооноос гарсан явдал нь Европын нийт ард иргэд болон маш олон их британичуудын хувьд гэр бүлийнхээ нэг гишүүнийг алдсан мэт гунигтай байгаа боловч тус холбооноос Их Британийн сонгогчдын 52%-ийн гаргасан шийдвэрийг үргэлж хүндэтгэн үзэж ирсэн төдийгүй хоёр талт харилцаа, хамтын ажиллагааны шинэ эхлэл тавигдаж байгааг талархан хүлээн авч байна.


2020 оны 2 дугаар сарын 1 бол бидний хувьд түүхэн өдөр юм. Хамтын хүчээр бид, Их Британи ЕХ-ноос гарах хэлэлцээрийг амжилттай эцэслэн баталж, иргэд, бизнес, төрийн захиргааны байгууллагууд хооронд төдийгүй олон улсын түнш, хамтрагчдын хувьд аливаа үл ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлж чадлаа. 


Хэлэлцээрийн үр дүнд, Их Британи ЕХ-ны гишүүн улс биш болсон хэдий ч 2020 оныг дуустал тус Холбооны гаалийн нэгдсэн холбоо, нэгдсэн зах зээлд үргэлжлүүлэн оролцох төдийгүй ЕХ-ны хууль тогтоомжийг даган мөрдөх юм. Энэхүү шилжилтийн хугацаанд ЕХ-ны нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрийг Их Британи даган мөрдөх болно. Хэдий тийм боловч шилжилтийн хугацаа дуусмагц шууд буюу шууд бусаар, хууль эрх зүйн хүрээнд Их Британи тус холбооны нэгдэн орсон худалдаа, агаарын тээвэр, загасчлал, цөмийн хамтын ажиллагаа зэрэг олон зуун олон улсын гэрээ хэлэлцээрээс гарна гэсэн үг юм.

Ойрын хугацаанд талууд түншлэлийн шинэ суурийг тавихаар ажиллаж байгаа бөгөөд хэдхэн долоо хоногийн дараа холбоотон, түнш, анд нөхрийн харилцааг боломжит бүх чиглэлээр хөгжүүлэх нөхцөл, арга замыг ЕХ-ны Зөвлөл буюу тус Холбооны 27 гишүүн орны төлөөллийн зүгээс Европын Комист санал болгохоор ажиллаж байна.

Түүх, соёл, газарзүй, нийтлэг зарчим, үнэт зүйлс, дүрэм журамд суурилсан олон ургальч үзэл зэргээр Европын Холбоо Их Британи хоёр нягт холбогддог билээ. Бидний ирээдүйн түншлэл эдгээр үнэт зүйлс дээр мөн суурилах болно.

ЕХ-ноос Их Британитай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанаас гадна аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаа бөгөөд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй бүс нутаг болон олон улсын талбар дээрх гол тоглогчид болох НҮБ, Дэлхийн Худалдааны байгууллага, НАТО болон ИХ-20-той харилцан дэмжлэг үзүүлж, зөвшилцөн ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

Уур амьсгалын өөрчлөлт, цахим гэмт хэрэг, терроризм, тэгш бус байдал зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэх шаардлагатай байна. ЕХ-ны үндсэн зарчмуудын нэг бол хамтын ажиллагаа бөгөөд нөөц бололцоогоо нэгтгэн нийтлэг зорилгод хүрэх нь хамгийн сайн арга зам юм.

ЕХ-ны 27 гишүүн орон 450 сая иргэн, 20 гаруй сая бизнес эрхлэгчдийн нэгдсэн зах зээл буюу бид хамтдаа дэлхийн хамгийн том худалдааны блок төдийгүй
хамгийн том хөгжлийн хамтын ажиллагааны хандивлагч хэвээр байна. Бид хорин долуулаа болсон ч нэгэн зүгт хамтын хүчээр үргэлжлүүлэн хөгжих болно.

ЕХ худалдаа, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдал, терроризмын эсрэг үйл ажиллагаа, хүний ​​эрх, эрх чөлөө, ардчилал, батлан ​​хамгаалах, гадаад хамтын ажиллагаа зэрэг чиглэлд олон улсын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй үргэлжлүүлэн гүйцэтгэх болно. Бид хууль дүрмийг дээдэлж, олон ургальч үзлийг тууштай хамгаалсаар байх бөгөөд дэлхий ертөнцийг илүү аюулгүй, шударга болгохын төлөө түншүүдтэйгээ хамтран ажилласаар байх болно.

Холбоотой мэдээ