С.Магнайсүрэн: Дэд бүтцийн хангамжтай болсон байршилд газрын үнэлгээ өснө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-д түрээсийн орон сууцын сан бүрдүүлэх, ашиглах, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага, түрээсийн төлбөртэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахаар заасан. Энэ дагуу Засгийн газраас Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар төрийн бодлого, зохицуулалтыг тодорхой болгож, орон сууцны ашиглалт хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны хүрээ, эрх, үүргийг шинээр тодорхойлох, хууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг хангах боломжтой болно. Мөн иргэд, олон нийтэд хуулийг хэрэгжүүлэхэд ойлгомжтой болж, сууц өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүд хуулийг баталснаар газрын үнэлэмж өсөх эсэхийг лавлаж байлаа. Мөн гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах бодлогын талаар тодруулж байлаа. БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариултдаа, хуулийн төсөлд орон сууц гэдэгт гэр хорооллын амины орон сууц хамаарч байгааг тодотгоод салбарын яам нийслэлийн 50 байршилд дэд бүтцийн төв байгуулахаар болсныг дурдав. Түүнчлэн дэд бүтцийн хангамжтай болсон байршлуудад газрын үнэлэмж өснө гэсэн тооцоолол бий гэлээ.
Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов.