Аммиакийн хий алдагдсан махны үйлдвэрт хамгаалалтын бүс тогтоогоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-03 16:39:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Өв-Эко Мийт” махны үйлдвэрээс 11 дүгээр сарын 28-ны өдөр аммиакийн хий алдагдаж, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын газраас шуурхай арга хэмжээ авсан билээ.

Аммиак гэдэг нь өнгөгүй, амьсгал боогдуулам хурц үнэртэй хий бөгөөд олон бодистой урвалд орж, арьс, нүд, амьсгалын замын эрхтэнийг цочроох, мэдрэлийн системд нөлөөлөх, уушгины хаван үүсгэх улмаар хүний эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулах аюултай хорт бодис юм. Аммиакийг азотын хүчил гаргахад, хөргөх төхөөрөмжид, тэсрэх бодисын үйлдвэрт, хуванцарт, ариутгалд өргөн хэрэглэдэг бол махны үйлдвэрт мах хөлдөөх зориулалтаар ашигладаг байна.

Тиймээс холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч, “Өв-Эко Мийт” мах боловсруулах үйлдвэрийн агуулахын дээврийн хөндий, яс хадгалах өрөөний ханыг нүхэлж, агааржуулалтын системүүдийг байрлуулан хуримтлагдсан агаарыг гадагшлуулах ажлыг хийжээ. Тухайн үед агаарын чанар, найрлагад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан тул аммиакийн хий дамжуулах шугамыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон ажилтнуудыг эмчийн үзлэгт хамруулсан бөгөөд 30 гаруй ажилтнаас дөрвөн хүнд хордлого тайлах тариа хийсэн байна. 12 дугаар сарын 1-ний өдөр малын яс хадгалсан хөргүүрийн өрөөнд хэмжилт хийхэд аммиак илэрсэн бол бусад өрөөнөөс илрээгүй гэнэ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрт хадгалагдаж байсан 3.1 тонн ястай мах, 175 кг цул махыг битүүмжилж, махнаас дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн бөгөөд хариу гараагүй байна.

Одоогоор үйлдвэрийн орчинд хамгаалалтын бүс тогтоож, лабораторийн шинжилгээ, угаарын хий, хүхрийн хүчлийг хэмжих ажиллагааг тогтмол явуулж байгаа аж. Бид махны үйлдвэрийн захирал Д.Бямбадоржоос тодруулга авах гэсэн боловч мэдээлэл өгөхийг хүсээгүй юм. Аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах, Төлөвлөлт, Бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Н.Намхайнямбуугаас товч мэдээлэл авлаа.

 

-   “Өв-Эко Мийт” махны үйлдвэрт алдагдсан аммиакийн хийг саармагжуулах, арилгах чиглэлээр аймгийн Онцгой байдлын газар ямар арга хэмжээ авч байна вэ?

-     -2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт “Өв-Эко Мийт” махны үйлдвэрт аммиакийн хий алдагдсан байж болзошгүй гэсэн дуудлага ирсэн. Энэ дагуу ОБГ-ын дарга, Аврах бүлэг, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллаж байна.

Энэ хугацаанд химийн бодисыг саармагжуулах, илрүүлэх үйл ажиллагааг явууллаа. Мах боловсруулах үйлдвэрийн баруун хойно байдаг яс хадгалах өрөөнөөс аммиак алдагдсан байж болзошгүй гэсэн чиглэлтэй байгаа. Одоогийн байдлаар нэмж аммиак алдагдсан, аммиакт хордсон хүн байхгүй.

Хадгалагдаж байгаа яс, мах, бүх зүйлийг лабораторийн шинжилгээнд өгсөн, хариу гараагүй байна. Аммиак алдагдсан өрөөний ханыг буулгаж агаар сэлгэлт хийж, шаардлагатай арга хэмжээг авсан. Аль хэсгээс аммиак алдагдсан болохыг тогтоох ажил явуулж байна.

-     -Үйлдвэрийн ажилтнуудаас дөрвөн хүн хордсон гэх мэдээлэл байна?

-   -Тухайн нөхцөл үүсэхэд үйлдвэрт ажиллаж байсан бүх ажилчдыг эмчийн үзлэгт хамруулсан. Тэднээс дөрвөн ажилтанд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэсэн. 

-     -Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа хэзээнээс эхлэх бол?

-     -Байцаагч, холбогдох байгууллагуудын дүгнэлт гарсны дараа үйл ажиллагаа эхэлнэ.

Холбоотой мэдээ