Массачусетс муж улсад электрон тамхины тухай чанга хоригийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-28 12:18:05

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д залуучуудын электрон тамхины хэрэглээ өсөж, үүнээс үүдэлтэй уушгины өвчлөлийн тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Массачусетс муж улсад амт оруулсан тамхи болон электрон тамхины борлуулалтын талаарх чанга хоригийг баталжээ.


Энэ сарын эхээр Массачусетс муж улсын хууль тогтоох байгууллагын баталсан хуулийн төсөлд тус муж улсын захирагч Чарли Бэйкер лхагва гарагт гарын үсэг зуржээ. Мөн өөр хэд хэдэн мужид амт оруулсан электрон тамхины борлуулалтын тухай хоригийг батлаад байна.


Ч.Бэйкерийн засаг захиргаа өнгөрсөн есдүгээр сараас эхлэн бүх төрлийн электрон тамхины худалдааг түр хугацаагаар хориглосон бөгөөд уг хориг ирэх 12 дугаар сарын 11 хүртэл хэрэгжих ажээ. “Бид олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно” гэж Ч.Бэйкер хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Америкт электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний улмаас 47 хүн нас барсны зэрэгцээ уг өвчний 2300 орчим тохиолдол бүртгэгджээ. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв, Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар болон муж улс, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүд дээрх өвчний тархалтыг тандах ажиллагааг үргэлжлүүлсээр байна.


Засгийн газраас саяхан танилцуулсан судалгаанд дурдсанаар, Америкийн ахлах сургуулийн сурагчдын 27.5 хувь нь электрон тамхи хэрэглэдгийг 2018 оныхтой харьцуулахад 6.8 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ