Оюу Толгой ордын тоон үзүүлэлтүүд

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-11-22 11:51:50

Эрдэнэс Оюу Толгой компаний ТУЗ есөн гишүүнтэй. Тэднээс Ц. Түмэнцогт, Н. Багабанди, Ц. Сүхбаатар нар  төрийн өмчийн 34 хувийг төлөөлдөг. Бусад нь хөрөнгө оруулагчдийг төлөөлнө.


Монгол Улсын  Засгийн газар “Рио Тинто интернэшнл холдингс лимитед” компанийн хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г 2009 онд байгуулжээ. “ Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани хэлбэрээр Эрдэнэс Оюу Толгой” ХХК 2011 онд байгуулсан. Энэ компани “Оюу Толгой“ компанийн төрийн эзэмшлийн 34 хувийг төлөөлөн үйл ажиллагаа явуулж байна. Тус ордыг "Рио Тинто" компани 30 жил эзэмшинэ. Харин 20 жилээр хоёр удаа сунгана.


Оюу Толгойн гэрээ байгуулагдсны дараа тус ордын  зэс 31 сая тн, алт 1028 тн мөнгө 6145 тн нөөцтэй хэмээн тогтоож байсан байна. Ордын нөөцийг таван жил тутамд шинэчлэн тогтоох үүргийг талууд гэрээгээр хүлээжээ. Гэрээний заалтын дагуу 2015 онд нөөцийг шинэчлэн тогтооход зэс, 34 сая тн, алт 1200 тн, мөнгө 7200 тн хэмээн нөөц нь өөрчлөгджээ. Эндээс харвал тус ордын нөөц цаашдаа ч нэмэгдэх бололтой. Одоо 2020 онд Оюу толгой ордын нөөцийг шинэчлэн тогтоно. Энэ бол тус ордын нөөцийг тойрсон тоон үзүүлэлтүүд.


Хөрөнгө оруулалтын тоон үзүүлэлтийг тусд нь авч үеье. Төслийн анхны хөрөнгө оруулалт 4,3 тэрбум ам. доллар гэж тооцжээ. Ил уурхайн бүтээн байгуулалт одоогийн байдлаар нэг тэрбум ам. доллараар хэтэрсэн аж. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулалт 11,4 тэрбум ам. доллар болж огцом өсчээ. Хөрөнгө оруулалт ингэж гурав дахин өсөхөд  Дубайд талууд 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хөрөнгө оруулалтын төлөвлөгөө  нэмэж баталсан нь хүчтэй нөлөөлсөн байна.


Уг гэрээг үндэслэн Оюу Толгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор  олон улсын арилжааны 15 банкнаас доод тал нь  LIBOR+2.5, дээд тал нь LIBOR+4.75 хувийн хүүтэй 6.5 тэрбум долларыг зээлжээ. Олон улсын арилжааны банкнуудаас авсан зээлийн хүүг энгийн байдлаар авч үзвэл есөн хувийн хүүтэй юм байна. Ийм өндөр хүүтэй зээлээр хөрөнгө оруулсан нь Монголын талыг алдагдалд оруулахад хүрчээ.


Хөрөнгө оруулалтын анхны гэрээгээр 2023 онд Монгол Улс Оюу Толгой төслөөс хувь хүртэх ёстой байжээ. Гэтэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нэмэж баталснаар бидний хувь хүртэх  хугацаа өөрчлөгдөж 2041 он болжээ. Цаашдаа хөрөнгө оруулалт нэмэх тусам бидний хувь хуртэх хугацаа хойшилно.  Одоогийн байдал (2019-11 дүгээр сар)-аар төрийн өмчийн 34 хувьд зээлийн болон хүүгийн төлбөр нийлээд нь 1.6 тэрбум ам. долларын өр ногдож байна. Энэ тоон үзүүлэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2019-11-21) дээр хэлсэн гишүүн Л. Энх-Амгалан хувцаа эзэмшигчиддээ ашиг өгдөг. Гэтэл Оюу Толгойн ордын төрийн эзэмшлийн 34 хувь өдөр бүр өр “үйлдвэрлэх” боллоо хэмээн онцлов.  


Оюу Толгой компани 10 жил ус ашигласны төлбөрт улсад 16.9 тэрбум төгрөг төлсөн. Тус компанид 2920 (НДШ төлдөг) хүн ажилладаг. Түүн дээр  13 мянган туслан гүйцэтгэгч ажилладаг. Одоо (2019 он)-оор есөн орчим тэрбум  ам. долларын хөрөнгө оруулалт оруулсан гээд сайн үзүүлэлтүүд бий. Чуулганы нэгэдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л. Болд Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүд 100 сая орчим төгрөгийн цалин авдаг гэж сонслоо. Энэ үнэн үү гэж асуулаа. Гишүүний асуултад "Эрдэнэс Оюу Толгойн захирал Ц. Түмэнцогт компаний баталсан төсвийн дагуу цалин авдаг. Ийм цалин байхгүй гэсэн товч хариулт өглөө.


Ер нь Оюу Толгой компанийн хувьд олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ гэдгээр халхавч хийж олон төрлийн баримт, тоон үзүүлэлтүүдийг манай улсад үзүүлдэггүй юм байна. Тэр бүхнийг нийтэд ил болгохын тулд УИХ “Оюу Толгой орд ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг баталлаа. Засгийн газрыг Рио Тинто компантай хэлэлцээрийн ширээний хоёр талд сууж, Монгол Улсын алдагдсан эрх ашгийг сэргээж хоёр тал харилцан ашигтай, хамтран ажиллах шинэ  эрх зүйн орчин бүрдүүлэхэд, УИХын баталсан тогтоол суурь болох юм байна.

Холбоотой мэдээ