Угийн бичиг удмын санд учирч болзошгүй аюулаас сэргийлнэ

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-20 16:05:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн есөн үеийн дотор цусныхаа тодорхой хувиар ижил хамаатай байдаг учир энэ хүрээнд ураг холбохыг монголчууд хатуу цээрлэдэг. Гэвч 3-4 дэх үеийн ах дүү нар хоорондоо гэрлэхэд илэрдэг түвшний цус ойртолт сүүлийн жилүүдэд ажиглагдах болжээ. Иймд гэр бүл бүр угийн бичгээ хөтөлж, үр удамдаа өвлүүлэн үлдээх нь Монгол хүний удмын санд учирч болзошгүй аюул болох цус ойртолтоос сэргийлэх хамгийн энгийн арга болохыг өнөөдөр болсон "Угийн бичиг-Улсын үндэс" үндэсний зөвлөгөөнөөр онцлов.


Генетикийн шинжлэх ухаан тогтоосноор цус ойртолтын улмаас хүний бие бялдрын хөгжил давжаа болж өвчинг эсэргүүцэх дархлаа сулардгаас гадна оюуны хомсдол, төрөлхийн гажиг, удамшлын өвчтэй хүүхэд төрөх нь элбэгшдэг байна. ЭХЭМҮТ-д дөрвөн жилийн хугацаанд арван төрлийн 600 гаруй төрөлхийн гажиг бүртгэгдсэн нь уртраг өргөргийн дагуу цус ойртолтын түвшин нэмэгдэж буйтай холбоотой байж болзошгүй хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна.



ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, АУ-ы доктор Э.Энхмаа: "Нэг нутаг усныхан хоорондоо олон үе дамнан гэрлэхэд алсуур цус ойртолт бий болдог. Тиймээс аль болох аймаг сум алгасаж, ураг удмаа сайн судалсны үндсэн дээр хань ижлээ сонгохыг залуучууддаа зөвлөж байна. Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загварыг 2008 онд БСШУСЯ-ны захиалгаар хүн судлаач эрдэмтэд бүтээсэн. Загварын дагуу бөглөсөн угийн бичгийг үндэслэн залуу хосууд цусны хамааралтай эсэхээ магадлах боломжтой" хэмээв. 


Монголчууд эрт дээр үеэс ураг холбохдоо хоёр талын ургийн овог, угийн бичгийг чухалчлан үздэг байжээ. Гэвч 1920-иод онд төр засаг тодорхойгүй шалтгаанаар ургийн овог, угийн бичгийг хөтлөхийг хориглосон. Харин 1997 оны Монгол Улсын Засгийн газрын 17 дугаар тогтоолоор ургийн овгийг сэргээхдээ жинхэнэ овгоо мэдэхгүй бол зохиомол овог авч болно хэмээн заасан нь ургийн овог цус ойртолтоос сэргийлэх арга хэрэгсэл байх утгыг алдагдуулсан аж.


Үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй цус ойртох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар зэрэг аймгууд өөрсдийн санаачилгаар угийн бичиг хөтлөх сургагч багш нарыг бэлтгэн ажиллуулж байгаа ч төрөөс энэ асуудалд анхаарлаа хандуулж нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ.    



Холбоотой мэдээ