“Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгоно

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunbold@montsame.mn
2019-11-18 11:32:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг энэ жил “The Hu хамтлагт олгох  болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэв.


Улс орны нэр хүнд, үндэсний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг, соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож буй “The Hu” хамтлагт олгох болжээ. Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж буй “The Hu хамтлаг 11 гишүүнтэй. Уг хамтлагийг байгуулах талаар МУГЖ Б.Дашдондог 2009 оноос судалж эхэлжээ. Улмаар тус хамтлаг 2018 онд анхны уран бүтээл болох “Yu ve yu ve yu” дууг нь youtube сувгаар цацсаныг нэг жилийн дотор 26 сая хүн, “Чонон сүлд” дууг 20 сая хүн үзсэн байна. Тус хамтлаг энэ оны зургадугаар сараас Европын 13 оронд болсон тоглолтод оролцож, аялан тоглолтоо амжилттай хийсэн. Одоо АНУ, Канадад бие даасан тоглолт болон олон улсын 60 гаруй хөгжмийн фестивальд оролцож буй юм.


“Чингис хаан” одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэн, байгууллагад олгодог. Одонг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, "Монгол бахархлын өдөр"-өөр олгодог уламжлалтай юм. Энэ дагуу “The Hu хамтлагт энэ сарын 27-нд тохиох “Монгол бахархлын өдөр”-өөр одонг гардуулна.


Ташрамд дурдахад, “Чингис хаан” одонг 2005 оноос хойш 11 эрхэмд олгоод буй юм.

Холбоотой мэдээ