Монгол Улсын 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-13 15:51:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.


Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн уг төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2020-2022 онд 6 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 онд 11.7 их наяд төгрөг, 2021 онд 12.8 их наяд, 2022 онд 13.7 их наяд байхаар тусгажээ. Түүнчлэн зарлагыг 2020 онд 13.8 их наяд, 2021 онд 14 их наяд, 2022 онд 14.5 их наяд байхаар тооцсон байна. Харин Засгийн газрын өр 2020 онд 22 их наяд 8 тэрбум, 2021 онд 22.9 их наяд, 2022 онд 23.8 их наяд байхаар тусгасан.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ирэх жилүүдэд төрийн албан хаагчдын цалинг хэрхэн нэмэх талаар тодруулж байлаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Засгийн газраас цалин, тэтгэврийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэхээр төлөвлөж байгаа. Дунджаар найман хувь байна. Мөн удаан жил ажилласны нэмэгдэл олгоно. Энэ нь 10 хувь байх юм” гэлээ.


Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.7 хувь дэмжиж, батлав.


Мөн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай зэрэг 14 хууль, тогтоолын төслийг баталлаа.


Хуулийн төслүүдийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Холбоотой мэдээ