Хэрлэн суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-07 17:11:23
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Чингис хотод шинээр 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга барихаар болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр Хэнтий аймгийн ЗДТГ болон Монгол дахь Арабын нэгдсэн Эмират улсын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд тус улсаас 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж бэлэглэхээр болсон. Тэгвэл өнөөдөр уг цэцэрлэгийн барилга угсралтын ажлын нээлт болж, тус улсын Элчин сайдын яамны төлөөлөл, аймаг, сумын удирдлага, барилгын гүйцэтгэгч "АТТА ЧР" ХХК-ийн төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо.

Энэхүү 100 хүүхдийн шинэ цэцэрлэг Чингис цамхаг буюу 16 давхар барилгын урд талд баригдаж байгаа бөгөөд ирэх оны зургаадугаар сарын дундуур ашиглалтад орох юм. Ингэснээр тус цэцэрлэг 2020-2021 оны хичээлийн жилд анхны суралцагчдаа хүлээн авах юм байна.
Холбоотой мэдээ