БНСУ болон БНХАУ агаарын бохирдолтой хамтран тэмцэхээр тохиролцжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-11-05 16:49:34

СӨҮЛ. /TASS/. БНСУ болон БНХАУ агаарын бохирдолтой тэмцэхэд хамтран ажиллахаар болжээ. “The Chosun Ilbo” сонинд мэдээлснээр, ийм шийдвэрийг хоёр улсын Байгаль орчны сайд нар даваа гарагт Сөүл хотод уулзсаныхаа дараа гаргасан байна.


Талууд хүний эрүүл мэндэд хортой PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Уулзалтын дараа мөн яндангийн хаягдал утааг бууруулах болон орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх технологийг сайжруулах талаар хамтран ажиллахаар тохиролцжээ.


БНСУ-ын Байгаль орчны сайд Чо Мён Хэ уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, "Өмнөд Солонгосын агаар дахь аюултай бичил тоосонцрын ихээхэн хэсэг нь гадны эх үүсвэртэй болохыг Хятадын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн" гэжээ. Харин БНХАУ-ын Экологи, байгаль орчны сайд Ли Ганьзе энэ талаар сэтгүүлчдэд ямар нэг тайлбар өгөөгүй бөгөөд тус улс агаарын чанарыг сайжруулахын тулд "идэвхтэй алхамуудыг хийнэ" гэж мэдэгдсэн байна. 


Хоёр улс бичил тоосонцрын талаарх статистикийн хамтарсан тайлан мэдээг ирэх долоо хоногт танилцуулах төлөвтэй байна гэж “The Chosun Ilbo” сонинд бичжээ.


Холбоотой мэдээ