Ираны Ерөнхийлөгч Истанбулд ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-14 10:12:59

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Лалын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын Дээд хэмжээний уулзалтад оролцохоор Туркийн нийслэл Истанбул хотод хүрэлцэн иржээ.

Лалын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын 13 дугаар дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Роухани түүнд оролцож, үг хэлнэ.

Хоёр өдөр үргэлжлэх уулзалтын үеэр Роухани лалын орнуудын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Дээд хэмжээний уулзалтын өмнө болсон сайд нарын түвшний уулзалтад Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф оролцсон байна.

Энэ удаагийн уулзалтаар лалын ертөнцийн хамтын ажиллагаа, эв санааны нэгдлийн дуу хоолой цуурайтаасай хэмээн дэлхий дахины лалын шашинтнууд хүсэн хүлээж байна гэж Роухани мэдэгджээ.

Лалын хамтын ажиллагааны байгууллага нь 1962 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар дөрвөн тивийн 57 орныг нэгтгэдэг. Уг байгууллагын дээд түвшний уулзалт гурван жилд нэг болдог ажээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ