Монгол, Чехийн ГХЯ-ны Консулын зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-24 17:44:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНЧУ-ын ГХЯ-ны Консулын гуравдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо.


Консулын зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Чехийн талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Эрх зүй, консулын асуудал хариуцсан дэд сайд Мартин Смолек нар тэргүүлж оролцов. Талууд 2017 оноос эхлэн консулын асуудлаар тусгайлан зөвлөлдөх энэхүү уулзалтыг зохион байгуулж эхэлснээр иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын харилцаа, хамтын ажиллагаанд үр дүнтэй өөрчлөлтүүд гарч байгааг тэмдэглэв.


Энэ удаагийн уулзалтаар БНЧУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Режим Монголия” хөтөлбөрийн хүрээнд тус улсад ажиллаж байгаа 1000 монгол иргэний нийгмийн баталгааг хангах зэрэг асуудлаар санал солилцсон юм. Мөн хоёр улсын Засгийн газрын нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохоор өрнүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл солилцож, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах, терроризм, цахим орчинд халдлага үйлдэх зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Холбоотой мэдээ