Чилид эсэргүүцлийн ажиллагаа болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-23 12:13:49

САНТЬЯГО. /TASS/. Мягмар гарагт Чилийн нийслэл болон бусад хотод олон мянган хүн оролцсон жагсаал болсон байна. Жагсагчид Засгийн газрын бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.   


“Bio-Bio” радиостанцаар мэдээлснээр, нийслэл Сантьяго хотын хэд хэдэн дүүрэгт эсэргүүцлийн ажиллагаа болжээ. Жагсагчдын дийлэнх нь нийслэл хотын төв хэсэгт орших Бакедано талбайд цугласан байна. Түүнчлэн Сантьяго хотын зүүн хэсэгт оршдог Ньюньоа талбайд эсэргүүцлийн ажиллагаа болжээ. Нийслэл хотод өрнөсөн жагсаал цуглаанууд ерөнхийдөө тайван болсон бол Чилийн өмнөд нутгийн Консепсьон хотод жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн байна.


Чилид нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн юм. Жагсагчид нийгэм, эдийн засгийн бодлогыг өөрчлөхийг, түүнчлэн онц байдлыг цуцалж, хотуудад дэг журам сахиулахад оролцсон цэргүүдийг эргүүлэн татахыг шаардаж байгаа аж.


Чилийн эрх баригчид тус улсын нийслэл хот болон бусад хотод дөрөв дэх өдрөө хөл хорих цаг тогтоожээ.


Холбоотой мэдээ