"Хагибис" хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-10-14 09:28:10

ТОКИО. /NHK/. Японд “Хагибис” хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж 31 хүрсний зэрэгцээ 15 хүн сураггүй болж, 180 гаруй хүн гэмтсэн байна. 


Зам тээврийн яамны мэдээлснээр, Японы төвийн болон хойд нутгуудад 142 гол үерлэж, 21 голын эрэг хавийн далан нуржээ. Түүнчлэн олон хүн усанд автсан гэртээ гацсан бөгөөд аврах нисдэг тэргүүд ашиглан иргэдийг аварч байгаа аж. Төмөр замын гүүр нурж, үерийн ус галт тэрэгний үйлчилгээг тасалдуулсан бөгөөд Хокүрикү хурдан галт тэрэгний засварын депо усанд автсан байна. “East Japan Railways” компанийн мэдээлснээр, 10 галт тэрэг эвдэрч сүйджээ. Сайтама мужид асрамжийн газар усанд автсаны улмаас 220 хүн гацжээ.


Голууд үерлэсэн, үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгууд руу ус соруулах олон машин илгээхийг Японы Ерөнхий сайд Абэ Шинзо холбогдох албаны төлөөлөгчдөд үүрэг болгожээ. "Иргэдийг аврах нь хамгийн чухал бөгөөд цагдаагийн газар, гал түймэртэй тэмцэх газар, эргийн хамгаалалт, өөрийгөө хамгаалах хүчний 110 мянга гаруй албан хаагчийг дайчлан, эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна" гэж Абэ Шинзо мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ