Манжуурт Монгол Улсын Консулын газар нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-10 17:53:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолыг батлав.


Манжуур нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотоос гадна аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог. Аялал жуулчлал цаашид улам өсөх хандлагатай байгаа бөгөөд Улаанбаатар-Манжуурт “Хүннү-Эйр” ХХК долоо хоногт 5 удаа шууд нислэг үйлддэг аж. Газар зүйн хувьд Монголтой ойр байрладаг тул иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд туслах боломжтой юм. 2017 онд давхардсан тоогоор Монголын 148 мянга 912 иргэн, 2018 онд давхардсан тоогоор 256 мянга 769 иргэн Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтоор дамжиж Манжуурт зорчсон байна. Тиймээс БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг нээснээр тус хот болон дээрх боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжтой болно хэмээн Засгийн газар үзэж буй юм. Манжуур дахь Консулын газрыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ.


Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.4 хувь дэмжиж, батлав.


Мөн чуулганы хуралдаанаар Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээ, Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улс, БНПУ-ын Засгийн газрын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хавсралтыг соёрхон батлав.

Холбоотой мэдээ