Шинэ цагийн Төвөдийг харуулсан үзэсгэлэн гарлаа

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-10 16:23:31


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уран зургийн галарейд "Төвөдийн жаран" үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Үзэсгэлэн шинэ цагийн Төвөд орныг харуулсан гэрэл зургийн дээжсээс бүтсэн байна.  

БНХАУ-аас Монгол Улсад суугаа  Элчин сайд Шин Хаймин үзэсгэлэнг нээж хэлэхдээ, “Монголын найман сэтгүүлч Төвөд орны уудам сайхан орноор аялсан тэмдэглэлээ энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэнгээр дэлгэн харуулжээ. Сэтгүүлчдийн хувьд, Төвөд орны өнөө цагийн хөгжил, үзэсгэлэнт байгаль, эгэл жирийн амьдралыг үнэн бодитоор нь харуулсан байна. Төвөдийн өнөөгийн хөгжлийн түүх нь 1959 онд хамжлагыг халж ардчилсан өөрчлөлт хийж эхэлсэн. Монгол Улсын хувьд Төвөд улстай өнө эртний бурхан шашны харилцаа холбоотой ард түмэн. Төвөд орон ардчилсан өөрчлөлт хийсний дараах 60 жилийн хугацаанд БНХАУ-ын дэмжлэг дор харьцангуй ядуу байсан хуучин Төвөдийг бодвол эдийн засгийн хөгжил цэцэглэлт өрнөж буй шинэ Төвөд орныг цогцлон байгуулаад байна” гэж онцлов.


Үзэсгэлэнг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг үзэж сонирхлоо. Төвөд орноор аялсан сэтгүүлчдийн гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхохоор  Монголын зураач, түүхч, судлаачид олноор байв. 1959-2019 оны 60 жилийн хугацаанд Төвөд орны бүтээн байгуулалт шинэчлэл, шинэ цагийн Төвөдийн хөгжлийг үзэсгэлэнгээс харж болно.  Жаран жилийн өмнө сүм хийдэд шавилан суухаас хэтэрдэггүй  Төвөдийн шинэ цагийн  хүүхэд, залуус  орчин цагийн шинжлэх ухаанд шамдан суралцаж буйг, эрэлчин мөргөлчид өсгий өсгийгөө тэмтчин мөргөдөг байсан сүм хийдүүд аялал жуулчлалын гол цэг болсныг, шинэ цагийн лам нар  Буддагийн гүн ухаанаар ном хаялцахыг, өндөр цавчим  уулсыг нүхэлж хурдны зам, төмөр зам барьсныг, шилэн барилга гялалзсан орон сууц сүндэрлэн боссоныг харуулсан олон сонирхолтой гэрэл зургийг Монголын сэтгүүлчид богцлон иржээ. Нэн ховор нэгэн бүтээл байсан нь Лхасын Потала ордонд хадгалж байгаа Улаанбаатар хотын анхны шав тавьсан газрыг дүрсэлсэн танка  зураг байв.


Сэтгүүлчидтэй хамт аялсан, төвөд судлаач, яруу найрагч Ням-Осор "Бурхны шашны эртний түүхтэй, сүсэгтнүүдийн хөлд дарагдсан хуучны сүм хийдүүдийн хадгалалт, хамгаалалтыг  дээд зэргийн болгосон байна. Монголчуудын “Мөнх зуу“ гэж ярьдаг Потала /Бодала ч гэдэг/ эртний ордон нь  1000 гаруй жил болсон учир хийдийн довжоо, хаалганы модон бариул нь бүр чулуужсан байх юм. Хийдийнхээ гол шүтээнүүдийнхээ өмнө төмөр хаалт тавьж, сунаж мөргөдөг тусгай талбай гаргажээ. Лхас хотод байрлах эртний Потала ордон гэхэд өдөртөө 5000-6000 хүн хүлээн авна. Түүнээс олон тооны хүн хүлээн авч болдоггүй учраас үүдэнд нь хүмүүс их дугаарладаг. “Мөнх зуу” хийдийн гол шүтээнийг гадны орныхонд хаалттай үзүүлж, сонирхуулахгүй байхад “Монголчууд явж байна” гэсэн чинь хаалтыг нь авч, шүтээндээ мөргүүлсэн. Төвөдийн ард түмэн монголчуудад их элэгтэй юм байна. Эндээс бид нэг ховор олзыг олсон. Тэр нь гол сүмийн 5 давхрын хананд зүүж хадгалсан 1645-1648 онд зурсан Халхын Жадамба хутагтын Номын их хүрээ, Өндөр гэгээн Занабазарын 13  насны баярыг тэмдэглэж байгааг харуулсан танка /монгол уран зургийн нэгэн  хэв шинж/ зургийг хуулбарлан авчирсан юм. 1649 онд Занабазар Төвдөд сурахаар явахад нь энэ зургийг өгч явуулсан бололтой. Үүнийг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Эх хувь нь бол монгол улсдаа хадгалагддаг" гэж ховор зургийн түүхээс хуваалцлаа.


Төвөд бол БНХАУ-ын онцгой эрхэт таван автономит бүсийн нэг. Хятадын баруун өмнөд хил дагуу нэг сая 200 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамран оршино. Энэтхэг, Балба, Бутан улстай хиллэнэ. Сүүлийн тоо баримтаар гурван сая 430 мянган хүн ам Төвөдийн өндөрлөгт оршин сууж байгаагийн 90 гаруй хувь нь төвөдүүд.  Хятадын засаг захиргааны нэгж дотор хамгийн сийрэг суурьшилтайд тооцогддог зэргийг ч гэрэл зургийн үзэсгэлэнгээс мэдэж болно.Үзэсгэлэн энэ сарын 19 хүртэл гарна.


Холбоотой мэдээ