"Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ыг хэрэгжүүлэх Монголын санаачилгыг танилцуулав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-10-08 10:14:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэл энэ сарын 7-нд эхэллээ.


Ерөнхий санал шүүмжлэлээр гишүүн улс орнуудын тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, макро эдийн засгийн бодлого, хөгжлийн санхүүжилт, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэдээлэл, харилцаа холбооны технологи, даяаршил ба харилцан хамаарлын талаар хэлэлцэж байна.


Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, байнгын төлөөлөгч С.Сүхболд Ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхдээ “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулж буй үндэсний хувь нэмэр, манай улсаас дэвшүүлсэн санал санаачилгыг танилцуулжээ. Мөн Нью-Йорк хотноо өнгөрсөн сард болсон Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний уулзалт, Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт үр дүнтэй болсныг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар энэ оны 12 дугаар сард болох Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянах хуралд чухал ач холбогдол өгч буйг онцолсон байна.


Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлоход мэдээлэл, судалгаа чухал болохыг тэрээр дурдаад, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв судалгаа, зөвлөмж гаргах, бүс нутгийн болон олон улсын хурал, семинар зохион байгуулж буйг тэмдэглэсэн байна.


Хоёрдугаар хорооны ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ