Гадаадын иргэн, харьяатын газар дэргэдээ 100 хүүхдийн цэцэрлэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-30 18:18:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар өөрийн "Б" байранд ажиллаж байсан гадаад иргэн саатуулах төвөө дунд, ахлах, бэлтгэл бүлгийн 75-100 хүүхдийн цэцэрлэг болгон өөрчилж, ирэх сарын 2-ноос хүүхэд багачуудаа авахад бэлэн болжээ. 


Тус байгууллага нь ШШГЕГ-ын дэргэдэх Баривчлах төвийн гадаад иргэн саатуулах байраа ХЗДХЯ-ны зөвшөөрлөөр нүүлгэн шилжүүлсэн бөгөөд, албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү өөрчилсөн байна. Цэцэрлэгт Гадаадын иргэн, харьяатын газраас гадна ХЗДХЯ-ны харьяа агентлаг Архивын ерөнхий газар, ШШГЕГ-ын 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн албан хаагчдын хүүхдийг хамруулах юм. Мөн цэцэрлэгийн ойролцоо амьдардаг сургуулийн өмнөх насны хүүхдийг хамруулах боломж бүрдүүлжээ. Цэцэрлэг тохижуулахдаа, тус байгууллагын хэмнэсэн төсвөөс 50 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд "Дезэрэт" олон улсын хүмүүнлэгийн байгууллага, "Болд төмөр Ерөө гол" ХХК, "Ворлд шэйр" ТББ санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Ингээд анги, танхимын сургалтад зориулсан тавилга, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, тоглоом, хэрэгслээр тохижуулж, гадна талбайн цогцолбор байгуулжээ. 


Байгууллагынхаа дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулсан нь албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн сацуу хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, ажлын цаг ашиглах боломжийг хангах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад чухал ач холбогдолтой аж. 

Холбоотой мэдээ