НҮБ-аас Орхон аймагт 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-16 18:47:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, төслийн менежер доктор Б.Цэндмаа, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Б.Цэвэлмээ тэргүүтэй ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа. Тэднийг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хүлээн авч уулзлаа.

Уг ажлын хэсэг нь Монгол Улсад 2007 оноос хэрэгжиж буй “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах” төслийн хэрэгжилтийг дүгнэх зорилгоор ирсэн байна. Дээрх төслийг НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд ЭМЯ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлжээ. Төсөл хэрэгжих хугацаанд Орхон аймагт 358 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава хэлсэн үгэндээ “Юуны түрүүнд Орхон аймаг сүүлийн 5 жил эхийн эндэгдэлгүй ажилласанд баяр хүргэе. Манай байгууллага Орхон аймагтай бэлгийн замаар дамжих халдвар, үр хөндөлт, өсвөр үеийнхний жирэмслэлт, төрөлт зэрэг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах бодолтой байна” гэсэн юм. Мөн дутуу төрсөн нярайн сурфактан эмчилгээний зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэдгийг онцгойлон сайшаалаа.

“Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах” төслийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн алслагдсан 2 дүүрэгт эх хүүхдийн яаралтай зөвлөгөөний сүлжээ, яаралтай тусламжийн өртөөчилсөн сургалтын хэрэгслүүдийг суурилуулах ажил хийсэн.

Орхон аймаг нь “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах” төслийг сайн хэрэгжүүлсэн тул НҮБ-ын Хүн амын сангаас Эрдэнэт хотын БОЭТ-д 48 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг олголоо. Үүнд эх барихын анхны тусламжийг заахад шаардлагатай сургалтын хэрэгслүүд, төрөх өрөөнд байрлуулах камер зэрэг багтжээ.

 

 

 

Холбоотой мэдээ