Бага ангийн багш нарын монгол хэлний мэдлэгийг сайжруулах сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-28 16:41:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хос хэлээр сургалт явуулдаг сургуулиудын бага ангийн багш нарын монгол хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт энэ сарын 26-наас Сагсай сумын "Зост" амралтын газарт болж байна.

Сургалтыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Боловсролын хүрээлэн, Дэлхийн банктай хамтран зохион байгуулж байгаа аж.

"Тухайн сургалтыг манай газраас анх удаа санаачлан явуулж байна. Энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх эхний ээлжийн сургалтад голдуу хөдөө сумдаас ирсэн 250 багш хамрагдаж байгаа. Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс ирсэн сургагч багш нар, газрын мэргэжилтнүүд казах хүүхдэд монгол хэлийг заах арга зүй, багш нарын мэдлэгийг сайжруулах чиглэлээр хичээл зааж байна" хэмээн аймгийн БСУГ-ын бага ангийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Аяужан хэллээ.

Харин хоёрдугаар ээлжийн сургалт долоодугаар сарын 1-5-ны өдөр болох ажээ. 

Холбоотой мэдээ