ӨМӨЗО-ы Баяннуур аймаг болон Дундговь аймгийн үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-29 14:06:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Ирэх зургадугаар сарын 12,13-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймаг болон Дундговь аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтарсан зөвлөгөөн, үзэсгэлэн худалдааг Мандалговь хотноо зохион байгуулах талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

Өнгөрсөн оны есдүгээр сард аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймагт айлчилж, энэ үеэр хоёр аймгийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд түүнээс хойш хоёр томоохон үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан ажээ.

Эхний томоохон ажил нь Баяннуур аймагт Дундговь аймгийн урлаг соёлыг сурталчилж, тус аймгийн ТХДЖТ-ын тоглолтыг зохион байгуулсан бол дараа нь Баяннуур аймагт ЕБС-ийн 15 багшийн аяллыг зохион байгуулж, туршлага судлуулжээ.

Үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх энэхүү үйл ажиллагаа нь хоёр улсын, хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах гурав дахь том үйл ажиллагаа болно хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн мэдэгдсэн.

Энэхүү үйл ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Баяннуур аймагт зочилж,  хамтарсан хурал, уулзалтад оролцоод иржээ

Холбоотой мэдээ