АНУ, Өмнөд Солонгос, Японы удирдагчид энэ сарын 31-нд уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-29 10:56:27

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пак Гын Хэ, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар энэ долоо хоногт Америкийн нийслэлд гурван талын уулзалт хийж, юуны өмнө Умард Солонгосыг чиглэсэн үйл ажиллагаагаа зохицуулах асуудлыг хэлэлцэнэ.

Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба даваа гарагт мэдээлжээ.

Цагаан ордноос мэдээлснээр, дээрх гурван орны удирдагчийн уулзалтыг пүрэв гарагт товлосон байна. Уг уулзалтыг Вашингтон хотод гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулах цөмийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр хийхээр төлөвлөжээ.

Хэлэлцээний үеэр Барак Обама, Пак Гын Хэ, Шинзо Абэ нар “Умард Солонгосоос учирч буй аюул заналын хариуд авах ерөнхий арга хэмжээг” болон “бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын салбарт гурван талын хамтын ажиллагааг” урагшлуулах арга замыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Цагаан ордны хэвлэлийн алба онцлон тэмдэглээд өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ