Хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгахад санал нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-04 10:28:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүдтэй уулзаж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар санал солилцлоо.


Уулзалтын үеэр, Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад Ерөнхийлөгчийн баримталж буй бодлого, зарим шийдвэрийг танилцуулав. Харин  Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа одоо хүүхдийн эрхийг хамгаалах болон хүчирхийллийн эсрэг хуулиудын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.


Уулзалтад оролцсон талууд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах асуудлаар санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар боллоо.


Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд бага насны хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох асуудлыг ярилцаад өнгөрөх бус цаг алдалгүй ажил хэрэг болгох шаардлагатайг сануулав. Мөн тэрбээр, бага насны хүүхдийг хүчиндсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон этгээдэд цаазаар авах ял оноох саналаа 2017 оны 11 дүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй гэдгийг цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ