Өсвөр насны хүүхэд цагдаагийн таних тэмдэг ашиглан бусдыг торгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-29 14:53:01
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Энэ сарын 24-ний 15 цагийн үед Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт мотоциклтэй зорчиж байсан иргэн С-ийг цагдаагийн таних тэмдгийг ашиглан энгийн хувцастай, машинтай иргэн дүрэм зөрчсөн хэмээн 10000 төгрөгөөр торгожээ. 

Иргэн С сэжиг авч Цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт яаралтай мэдэгдэж машиных нь дугаарыг  тэмдэглүүлсэн байна. Цагдаагийн газар шуурхай ажиллаж уг хэргийг 17 настай иргэн Б үйлдсэн болохыг тогтоожээ.

Энэ төрлийн залилангийн шинжтэй гэмт хэрэг өмнө нь Орхон  аймагт огт гарч байгаагүй бөгөөд анхны тохиолдол гэдгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Л.Содбилэг хэллээ.

Монгол Улсын хуулинд Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас цол таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол тухайн ашигласан эд зүйлсийг нь хураан авч, тухайн хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог байна.

 

 

Холбоотой мэдээ