М.Жавзандолгор: Энэ хавар цас багатай, бэлчээрийн усан хангамж тааруу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-03-26 22:43:40

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн албаны дарга М.Жавзандолгортой уулзаж ярилцлаа.


- Цаг агаар тогтуун, мал аж ахуйд таатай хавар болж байна. Мал төллөлт, хаваржилт ямар байна вэ?

- Аймгийн хэмжээнд 3,3 сая толгой мал хаваржиж байна. Нийт 1,560,3 мянган хээлтэгч мал төллөхөөс одоогоор 90,5 мянга нь төллөсөн. Төл бойжилт 98,7 хувьтай, нийт төллөх малын 8,2 хувь төллөсөн мэдээтэй байна. Долоо хоног бүр орон нутгаас мэдээ авч ХХААЯ, аймгийн удирдлагад мэдээлдэг. Мал хорогдлын хувьд гайгүй, өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 10 дахин бага байгаа. Өнгөрсөн өвөл дулаахан цас багатай, сайхан өвөл болж, мал тарга хүчээ алдаагүй онд сайн орсон учир малын хорогдол бага байна. Одоогийн байдлаар нийт малын 0,1 хувь буюу 3200 мал хорогдсон мэдээ бий. Хутаг-Өндөр, Тэшиг, Сайхан, Баян-Агт суманд хамгийн их мал хорогдсон байна. 

- Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангаж нөөцөлсөн өвс тэжээлийн хангамж ямар байна вэ?

- Малчдын бэлтгэсэн нийт өвс тэжээлийн 80 гаруй хувийг зарцуулсан. Өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвсний 40 хувь, тэжээлийн 70 гаруй хувийг зарцуулсан мэдээ байгаа. Энэ жил дулаахан байгаа учраас хаваржилт сайхан болж өвс тэжээлийн хэрэгцээ бага байна. Нэмэгдэл тэжээлд ядарч доройтсон 146,1 мянган мал орсон.

- Хур тунадас багатай байгаа учраас зарим талаар бэлчээрийн усан хангамж дутагдаж байна уу?

-Бэлчээрийн усан хангамжийн хувьд аймгийн хэмжээнд 1000 гаруй худаг бүртгэлтэй байдаг. Түүний 700 гаруй нь ашиглахад бэлэн байгаа. Энэ жилийн хувьд цас бага байгаатай холбоотойгоор усан хангамжийн дутагдал урд бүсийн сумдад гарч байгаа. Урд бүсийн сум гол горхи цөөтэй ихэвчлэн энгийн уурхайн болон инженерийн хийцтэй худгаас усалдаг учраас усны дутагдлаас болж мал ядрах, алс явж усанд хүрч байна. Цасгүй учраас усан хангамжийн дутагдал гарч байгаа. Орон нутгийн төсөв, байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр энэ жил бэлчээрийн 12 худаг гаргахаар хуваарь гарчихсан худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа.

- Мал аж ахуйн салбарт энэ онд ямар онцлог ажил хийхээр төлөвлөж байна вэ?

- “Монгол мал” үндэсний хөтөлбөр, төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжүүлэхээр хэдэн онцлог ажил хийхээр төлөвлөсөн. “Шинэ хөдөө” төслийн хүрээнд “Сэлэнгэ” үүлдрийн 120 бух, герефорд үүлдрийн 35 бух, “Эрчмийн хар” үүлдрийн 150 ухна, “Баяд” үүлдрийн 300 хуц малчдад олгож, сүргийн чанарыг сайжруулах бэлтгэл ажлыг хангаж байна. 

Аймгийн малчдын зөвлөлгөөнийг ирэх сард 200 гаруй хүнийг оролцуулан хийхээр төлөвлөж байгаа. “Төрийн үйлчилгээ малчны хотонд” гэсэн арга хэмжээг төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.

- Бэлчээрийг нөхөн сэргээх, доройтлыг багасгах талаар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

- Бэлчээрийн хувьд даац олон дахин хэтэрсэн. Усан хангамж, төв суурин газраа бараадаж нэг газар нутаглаж байгаагаас бэлчээрийн доройтол зарим газраа хэт их талхлагдаад нөхөн сэргээхэд хүндрэлтэй байгаа. 

Бэлчээрийг хамгаалах талаар малчиддаа мэдээлэл сурталчилгаа өгөх нь хамгийн чухал байгаа. Малчдад зөвлөмж чиглэл хүргүүлэхээр ажиллаж байна. Ирэх сард багтаагаад ургамал хамгааллын хүрээлэнгээс судалгааны ажлын хэсэг ирж, хэчнээн га талбайг хамруулах талаар судалгаа гаргаад энэ ажил эхэлнэ. Нийтдээ 50,0 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх саналыг яаманд хүргүүлсэн. Урд бүсийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг суманд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг улсын хөрөнгөөр хийнэ. Бэлчээрийн чиглэлээр хэрэгжиж байгаа “Ногоон алт” төсөлд Сайхан, Дашинчилэн, Могод, Орхон, Хишиг-Өндөр зэрэг сум хамарсан. Энэ төсөл бэлчээрийн менежментийн чиглэлээр тодорхой ажил хийж байна. Мөн манай улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх төсөл Гуранбулаг, Рашаант, Дашинчилэн суманд хэрэгжиж эхэлсэн. Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх талаар судалгааны ажлыг энэ жил 33,0 мянган га талбайд хийхээр төлөвлөсөн байгаа.

- Ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ